
Цагаан толгойн хийд
Ханбогд
Цагаан толгойн хийд нь одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын уул орчимд Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийдийн нэг юм. Тус хийдийг Өвөр Монголоос авчирсан модоор барьсан бөгөөд барилгын ажлыг хятад урчууд гүйцэтгэсэн гэдэг. Иймээс Цагаан толгойн хийдийн сүм, суваргууд нь Хятад хэв маягийн архитектуртай байсан гэж үздэг. 1920-иод онд Данзанравжаагийн зохиосон “Саран хөхөө” жүжгийг тус хийдэд хамгийн сүүлд тоглож байжээ. Харин 1937–1939 оны их хэлмэгдүүлэлтийн үед хийдийн шашны үйл ажиллагаа зогссон. Өмнөговь аймгийн архивт хадгалагдаж буй 1933 оны хийд, сүмдийн тооллогын мэдээгээр Цагаан толгойн хийдэд нийт 155 лам харьяалагдаж байсан бөгөөд үүнээс 119 лам хийдэд тогтмол сууж байжээ. Тэдний 92 нь төвөд бичиг үсэгтэй, 11 нь монгол бичиг үсэгтэй байсан байна. Мөн тухайн үед хийд 219 тэмээ, 10 адуу, 5 үхэр, 102 хонь, 115 ямаатай байжээ.

