
Ханбогд хайрхан
Ханбогд
Ханбогд хайрхан нь эргэн тойрны уулсаас харьцангуй өндөр бөгөөд далайн түвшнээс дээш 1350.3 метр өндөрт оршино. Тус уул нь боржин чулуунаас тогтсон бөгөөд тухайн бүс нутгийн онцгой оргил, нутгийн иргэдийн шүтээн хайрхан юм. Нутгийн ахмад хүмүүсийн ярьснаар эрт үед энэ уулыг “Бөөн хар” эсвэл “Бүхэл хар” гэж нэрлэдэг байжээ. Энэ нутагт тэмээ, хонь маллаж амьдардаг Галбын хүмүүс нутаглаж байсан гэдэг. Ханбогд хайрхантай холбоотой нэгэн домогт ногоон торгон дээлтэй тэмээ унасан, лимбэ барьсан эмэгтэй сахиусны тухай өгүүлдэг. Тэр сахиус нь тэмээний тоног хэрэгслээр хийсэн уут үүрсэн бөгөөд уутнаас нь хуцны толгой цухуйж байдаг гэж ярьдаг. 1970, 1980 онд Оросын судлаачид Ханбогд хайрханы давсархаг боржин чулуулгаас “монголит” болон “армстронгит” хэмээх ховор шинэ эрдсийг илрүүлсэн байна.
